Одон зурхай хэдийд үүссэн нь тодорхойгүй боловч Нийтийн тоолол эхэлснээс хойш ерөнхий утга агуулгад өөрчлөлт оролгүй өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Анх ам дамжин уламжилдаг нууц эрдэм маягаар хөгжиж байсан ч яваандаа нутаг нутгийн шашин, сүүлдээ мухар сүсгийн өнгө аяс ч нэлээд нэмэгдсэн байдаг.

Эртний зурхайчид тэнгэрийн эрхсийн хөдөлгөөн, хэмнэл нь манай гараг, түүн дээр байх бүхий л амьдралд нөлөөтэй болохыг ажиглан тогтоосон ба зуун зууны туршид цэцэн мэргэд оддыг ажиглан хэмжээлшгүй их мэдлэг хуримтлуулсаар одон зурхайн үндсийг тавьсан билээ. Дээр үед хүмүүс бурхад тэнгэрт амьдардаг гэж итгэдэг байсан тул тэнгэрт ойртох тусам, түүний гүнийг ажих тусам бурхантай ойртоно гэж үздэг байв. Харин сониуч бөгөөд ухаалаг зурхайчдын олон жилийн ажиглалтаар манай дэлхий дээр болж буй бүхий л үйл явдал биднийг гэрэлтүүлэгч Нар хэмээх од, Сар хэмээх Дэлхийн дагуултай шууд холбоотойг нотолсон билээ. Нар 12 одны ордоор жилийн турш аялан явах давтамжийг тооцоолон гаргаж, туулах замыг хавтгайд дүрслэн ордны тойргийг боловсруулав. Оддын орд тус бүр Нарны нөлөөнд өөр өөр өнгө аясаар илэрч, давтагдсан үйл явдлаар баяжсаар өнөөгийн бидний мэдэх дэлхий ба ертөнцийн нарийн мэдлэгийг өөртөө шингээсэн зурхай бий болжээ.

Харин хүн төрөлхтний одон орон ба шинжлэх ухааны мэдлэг арвижин зузаарахын хэрээр орчин үеийн зурхайн ухаан нь шашин ба мухар сүсгээс холдож, илүү шинжлэх ухаанч, хүнлэг, цаашлаад бидний олж нээгээгүй нарийн мэдлэгийг ч нээж өгөх хэмжээнд хөгжиж байна.